Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгаар 6002 бөхийн барилдааныг 2011 оны есдүгээр сард зохион байгуулсан билээ.
Анх 4096 бөх барилдуулна гэж байсан ч бүртгүүлсэн бөхчүүдийн тоо 6000 давсан учир Төв цэнгэлдэх хүрээлэнд 6002 бөхийн барилдааныг хийсэн. Есдүгээр сарын 17-нд нээлтээ хийж, ес хоног үргэлжилсэн, 13 даваатай бөхийн барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэж, өвөрмөц нэгэн амжилтын эзэд болсон билээ.
Улмаар дэлхийн хамгийн хамгийн гэгдэх амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн ном 6002 бөхийн барилдааныг “хамгийн олон бөх зодоглосон бөхийн барилдаан” хэмээн албан ёсоор бүртгэж, баталгаажуулжээ.
Гиннесийн албан ёсны сайтад нийтэлсэн мэдээллийг албан бус орчуулгаар хүргэж байна.
6002 бөх барилдсан Монгол үндэсний бөхийн барилдаан дэлхийн дээд амжилт тогтоожээ. Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж, хамгийн олон бөх барилдсан бөхийн барилдаан өнгөрсөн есдүгээр сарын 17-25 хооронд Улаанбаатар хотод есөн өдөр үргэлжилсэн юм. Монгол Улсын 21 аймгийн 325 сумаас ирж оролцсон 14-80 насны бөхчүүдийн барилдааныг Ерөнхий сайд С.Батболд, Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Р.Нямдорж нар нээж, үг хэлсэн байна. Улаанбаатар хотод бөхийн барилдаанд оролцохоор ирсэн бөхчүүдийн зарим нь 1,700 км замыг туулж, тэмцээнийг зорьж очсон билээ. Үндэсний бөхийн барилдаан нь үндэсний түүхт баяр наадмын хамгийн чухал төрөл. Тиймдээ ч хамгийн олон бөх барилдсан уг барилдааныг монголчууд Өвөрмонгол бөхчүүдийн амжилтыг эвдэхийн тулд зохион байгуулсан юм. 2004 онд Хятадын өөртөө засах муж Өвөрмонголд 2024 бөх барилдаж, бөхийн барилдааныг үндэсний спорт гэж зарлан, дээд амжилт тогтоосон юм. Монголчууд үндэсний бөхийн барилдааны дээд амжилтыг шинээр тогтоож, эрийн гурван наадмын нэг, үндэсний бөхийн спортыг өөрсдийн соёлын өв гэдгийг баталж чадсан билээ. “Монголын үндэсний бөхийн гайхамшиг” хэмээх уг барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, 15 сая төгрөгийн бай шагнал хүртсэн юм.